images

Польшид суугаа төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэгт хүндэтгэл үзүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-10


   Монгол улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яамныхан өнгөрөгч бямба гарагт Монголын анхны гавьяат төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэгийг зорьж очин хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн охин юм. Өдгөө 80 нас хүрсэн тэрбээр Польшийн “Сениор Марина” ахмадын асрамжийн газарт аж төрж байна. Иймд тус асрамжийн газарт монгол дуучид, хөгжимчид аваачин С.Гончигсумлаагийн аялгуу “Жаргаах зүрхэн” тэргүүтэй монгол, польш дуугаар ая барьсан талаар Элчин сайд Б.Дорж фэйсбүүк дэх хувийн хаягаараа мэдээлэв. Элчин сайдын яамныхныг Г.Эрдэнэчимэг гуайн хүү Бартош Шаниавски угтан авч, Сениор Марина” асрамжийн газарт амьдардаг 80 гаруй ахмад урлагийн тоглолтыг таалан үзсэн байна. Сонирхуулахад, Г.Эрдэнэчимэг гуай 1975 онд Варшавт очиж Шопений төгөлдөр хуурын тэмцээнд Монголоос анх удаа оролцсон түүхтэй аж. Түүний аав, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нь “Униар татсан уулсын дээгүүр”, “Хунгийн дуу”, “Эхийн гар дээр үр минь байна”, “Хайрын дуу”, “Баатарцогтын нагац”, “Ширээ нуур”, “Сүхбаатарын дуу”, “Дэнжийн ногоо”, “Өргөн хангай нутаг”, “Улаалзай”, “Хонгор нутгийн жороо”, “Цэнхэр тэнгэр, цэгээн тагтаа”, “Чамайг үдье”, “Ээждээ”, “Жаргаах зүрхэн”, “Намрын шөнө” зэрэг дууны аяыг бичжээ.

Гэрэл зургийг Элчин сайд Б.Доржийн фэйсбүүк дэх хуудаснаас авч ашиглав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.